Friday, August 17, 2012

Сонсдог мансуурал худалдаалж эхэлжээ


 
Хар тамхи хэмээх өндөр үнэтэй, “чөтгөрийн өвс”-нөөс олж авдаг мансуурлыг сонсох хэлбэрээр “амталж” болдог гэнэ.

Сонсдог хар тамхи буюу аудионаркотик хэмээх “хөгжим”-ийг мансууруулах бодисын оронд хэрэглэхийг гадны орнуудад зөвлөх болжээ. Үүнийг цахим хуудсуудад төлбөртэйгээр байршуулдаг бөгөөд хар тамхинаас хор хөнөөл багатай хэдий ч үйлчилгээ нь адилхан гэнэ. Жирэлзсэн шуугиан, их нүргээн, тайлбарлаж үл чадам хачирхалтай мэдрэмж өгөх сонсдог хар тамхи нь кокаин, экстаси, тэлэлт, марихуан, опиум, пейот зэрэг нэрээр түгээмэл гэнэ.

АНУ-ын Калифорни мужийн Пало-Альто хот дахь Стив Жобсын гэрт хулгай орсон тухай “The San Jose Mercury News” мэдээлжээ. Хэрэг өнгөрсөн сарын 17-нд гарсан ч энэ тухай мэдээллийг цагдаагийнхан одоо л олон нийтэд хүргэж байна. Хулгайч “Apple”-ийг үндэслэгчийн гэрээс компьютер тэргүүтэй 60 мянган ам.долларын үнэ бүхий эд зүйлсийг авч одсон аж. Энэ хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж буй 35 настай Макфарлиныг хууль сахиулагчид саатуулжээ. Аламед хотын оршин суугч тэрбээр буруутай нь нотлогдвол долоо хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй гэнэ

Үнэг, гахай, имж үгсэн, нэгнийгээ оргуулжээ

 

ХБНГУ-ын Франкфурт хотын амьтны хүрээлэнгээс гурван имж оргожээ. Хамгийн сонирхолтой нь тэднийг зугтахад тус хүрээлэнгийн үнэг, зэрлэг гахай тусалсан гэнэ. Хүрээлэнгийн орлогч захирал Мишель Хоффманн “Оргох үйл ажиллагааг “санаачлан”, голлон үүрэг гүйцэтгэгч нь үнэг.

Гахай имжнүүдэд үүд хүрэх нууц замыг зааж, газарчилсан. Нэгнийгээ оргуулах эл үйл явдлыг тэдгээр амьтан нэлээд эртнээс төлөвлөсөн байж. Учир нь Скиппи нэртэй имж оргох эхний оролдлогыг хэд хоногийн өмнө хийсэн ч амжилтгүй болж, харуулд баригдсан. Түүний араас явах ёстой байсан Жекийн зориг хүрээгүй юү, замаа олоогүй юү, ямартай ч нэгнийгээ барьж өгөхөд хүргэсэн байсан. Үүнээс нэг хоногийн дараа Мик нэртэй имж бусдынхаа хийж чадаагүйг гүйцээн, оргоод хотын гудамжнаас “олзлогдсон”. Үүний дараагаар нарийн төлөвлөж, хамтдаа оргох болж, үүнд нь үнэг, гахай тусалсныг бид “хэргийн газарт” үзлэг хийснээр тогтоож чадсан” хэмээн ярьжээ. Хөгжилтэй гэмээр эл явдал амьтдын хоорондын харилцааг судлахад түлхэц болох нь дамжиггүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.


 Сонин, содон зүйлс зардгаараа алдартай “eBay” цахим худалдаагаар дэлхийн хамгийн жижиг байшинг зарах гэж байна. Барилгын “Tumbleweed” компанийн босгосон эл байшин 6.03 ам метр талбайтай бөгөөд ариун цэврийн болон гал тогооны өрөөтэй. Дээврийн хөндийдөө мөн унтлагын өрөөтэй эл байшинг 999 ам.доллараар зарахаар эхний үнийн саналаа өгсөн байна.

82 хүүхдийн эцэг





Эд Хаубен бас нэг хүүхдийн эцэг болохоор Берлинд онгоцоор ирэв. Тэгээд автобусны буудал руу яаравчиллаа. Учир нь “ирээдүйн ээжтэй” эртхэн очиж уулзаж хэвлийд нь үр тогтоож өгөх ёстой. Тэр эрт унтдаг юм гэнэ лээ. Ер нь бол Эд Хаубен өөрөө хүүхнүүд дээр давхиж очихоо болиод байгаа юм. Хүүхнүүд өөрсдөө ирнэ. Зарим онцгой тохиолдолд л Эд Хаубен очно. Тухайлбал, Берлинд амьдардаг эмэгтэйн үр тогтох боломжтой хугацаанаас нь ердөө хоёр хоног үлдчихээд байгаа юм. Гэтэл муураа харуулах хүн олдохгүй байснаас өөрөө гэрээсээ гарч чадахгүйд хүрсэн тул Эд Хаубен ирж буй юм. Берлинд түүний гурван ч хүүхэд бий. Тэрбээр нийтдээ 82 хүүхдийн эцэг юм. Үлдсэн нь Голланд, Бельги, Испани, Итали, Шинэ Зеландад байна. Хүүхдийнх нь нэр, төрсөн огноо, хүйсийн тухай мэдээлэл гэрт, компьютерт нь байдаг. Тэдний хамгийн том нь есөн настай, бага нь хоёр сартай. Герман бүсгүйн өвөрт өнөө орой орох ёстой. Тэгж төлөвлөсөн юм. Энэ бол эхнийх нь. Хоёр дахь нь маргааш.

“Өвөрт орох” гэдэг нь мэдээж эр эмийн ажил хийнэ гэсэн үг. Үрийн донорын герман хэл дээрх spermaspender. de гэдэг сайтаар энэ герман эмэгтэйтэй танилцжээ. Эд Хаубен үрийн донор юм. Хүүхнүүдийг үрийнхээ зулайг үнэрлэхэд нь тусалдаг хүн. Нийт тохиолдлын 80 хувь нь амжилттай болдог. “Энэ бол би өөрөө тогтоосон үзүүлэлт” Эд Хаубен ийн хэлдэг. Түүний ачаар эх болсон эмэгтэй олон. Тэдний 10 нь эмч мэргэжилтэй. Тэд боловсролтой, соёлтой хүмүүс. 42 настай, түүхч мэргэжилтэй Хаубений хувьд энэ бол чухал шалгуур. Бас хамгийн гол нь эмэгтэйчүүд мансууруулах бодис хэрэглэдэггүй, ДОХ, шар, арьс өнгөний болон бэлгийн замын өвчинг үй, гойд эрүүл байх ёстой. Үүнийг баталгаажуулахын тулд Хаубен тэднээс эмнэлгийн магадлагаа шаарддаг. Өөрөө ч ийм баталгаагаа үзүүлдэг. Үрийн шингэндээ ч нарийн шинжилгээ хийлгэсэн байдаг. Тэр шинжилгээ нь үрийн шингэний нь агуулгыг илтгэнэ. Эмэгтэй хүний үтрээ рүү цацаж буй нэг млл шингэнд үр тогтоох магадлалтай эд эс 20 саяас доош байвал жирэмсэн болгох боломж бараг байхгүй. Боломжит хэмжээг 80-100 сая гэж үздэг. Тэгвэл Эдийнх 100. Өөрөө болохоор “110” гээд инээвхийлнэ.

Хаубенлийн түвэггүй ажил юм шиг яриад байгаа болохоос биш хүүхэд хүссэн эмэгтэйг жирэмсэн болгох гэж хэцүүхэн зам туулдаг юм. Эмэгтэйг жирэмсэн болгохоор умай руу эрэгтэйн үрийн шингэнийг шууд хийхийг эмнэлгийн албан ёсны хэлээр “донорын хээлтүүлэг” гэж хэлдэг байна. Түүнийг явуулах дүрэм журам нь дараах маягтай. Юуны урьд эр, эм хоёр бэлгийн харилцааны хувьд хэвийн, тодруулбал эсрэг хүйстэндээ татагддаг байх ёстой. Хоёул ханьтай байвал бүр сайн. Ирээдүйд хүүхдийнх нь эцэг, эх болох хүмүүсийн талаар донорт тодорхой мэдээлэл өгдөггүй. Донор болох эрэгтэй нь 40-өөс дээшгүй настай, эмнэлгийн үзлэгт байнга ордог байх учиртай. Донорын үр тогтоох бүх тохиолдлыг тусгайлан бүртгэж байдаг. Энэ баримтыг 30 жил хадгална. Донорын тусламжаар үр тогтоох үйл ажиллагаанд хагас жил орчим хугацаанд бэлтгэдэг. Шинжээчдийн үзэж буйгаар бол Германд нэг жилд 1400 эмэгтэй донорын үрээр жирэмсэлж байгаа аж. Ямар арга замаар жирэмсэн болсныг нь Германы хууль хайхардаггүй. Хүн бүр өөрийн хүссэнээр хүүхэдтэй болох эрхтэй. Өөрөөр хэлбэл, хэн ч хэдэн ч хүүхэдтэй байж болдог. Донорын хувьд Хаубен эцэг нь болно. Түүний үйл ажиллагаа туйлын ил тод. Тэгэхдээ л эрсдэл гээч юмнаас бүрэн зайлсхийх аргагүй. Хаубен захиалагч бүсгүйч үүдтэй бичгээр гэрээ байгуулж гарсан хүүхдийн өмн ө эцгийн эрх, үүргийг хүлээхгүйгээ баталгаажуулдаг. Тэгэхгүй бол нөгөө хүүхнүүдийн бодол эсрэгээр эргэвэл Хаубен “хүүхдийн мөнгө” төлөх болно шүү дээ. Гэхдээ өөрийгөө хамгийн зүй ёсны “ажил” эрхэлж буй гэдэгт эргэлздэггүй аж. Орой хийхээр төлөвлөсөн ажил нь бүтсэнгүй. Тодруулбал нөгөө эмэгтэй нь сэтгэл зүйн бэлтгэлгүй байжээ. Тиймээс өнөөдөр өдрийн цагаар хоёр удаа оролдож үзэх гэнэ. Эд Хаубен сард 10-15 эмэгтэйтэй уулздаг байна. 29 настайдаа үрийн донор болсон гэнэ. Тэгэхэд хэдийгээр гэр бүлтэй болохсон гэж боддог байсан ч түүнд хайртай дуртай охин байсангүй. Хүүхэд гардаггүйгээс олон айлын эр, эм хоёр шаналж байдгийг тэр сонсоод тэдэнд туслахаар шийджээ.Голландынхаа нэгэн эмнэлэгт очиж үрийн шингэнээ шинжлүүлжээ. Ийм шинжилгээг хэд хэдэн удаа хийлгэв. Дөрвөн жилийн хугацаанд шинжлүүлсэн үрийн шингэн нь 25 хүүхэд “хийхэд” элбэг хүрэлцэхээр байлаа. Түүнээс гадна энэ нь хуульд зааснаар дээд хязгаар байв. Гэлээ ч Хаубен өөрөө үүнд сэтгэл ханасангүй. Бельгийн эмнэлэгт хандав. Оройн цагийг шинэ үүргээ биелүүлэхэд зориулах боллоо. Хүүхэдтэй болохыг хүсдэг хосуудын тухай мэдээлдэг сайтыг ч олж авав. Тэнд бас тус хүргэх хүсэлтэй эрчүүд өөрийнхөө тухай зарласан байх аж.

Тухайлбал “Ганс 28 настай, тамирчин” гэсэн байх жишээтэй. Ийн зарласан хүмүүс ердөө л мөнгө олох зорилготой нь тодорхой. Донор Хаубений анхны хүүхэд Амстердамын дагуул хотод төржээ. Түүний ээжээс мөнгө авсангүй. Ердөө замынхаа зардлыг л төлүүлсэн байна. Энэ хүүхдийнхээ тухай Хаубен ах, эгч хоёртоо хэлбэл сайшаасан аж. Сайн үйлс хэмээн үнэлжээ. Эхэн үедээ тэрбээр зөвхөн эх орон нэгт голланд хүүхнүүдэд л тусалдаг байв. ...Берлиний эмэгтэй нэрийг нь нууцлах болзол тавиад ярилцахыг зөвшөөрөв. Түүний сэтгэл санаа сайхан байгаа янзтай. Одоогоор мэдээж жирэмслэх эсэхээ мэдэхгүй байлаа. Хоёр долоо хоногийн дараа “сарын юм” нь ирэхгүй бол хүсэл нь биелсэн гэсэн үг болно. Энэ эмэгтэй хүүхэд хүссээр таван жил болжээ. Энэ хугацаанд тэрбээр их зүйл сонсож, мэдэж авсан байна. Өдөрт хоёр удаа энгэр зөрүүлэхийг зарим мэдээлэлд арай олон гэсэн байх юм гэнэ. Уг нь ийм хэмжээгээр “хавьтвал” үрийн шингэн үтрээн дотор таван цагаар илүү байна. Энэ нь үр тогтох боломжийг нэмэгдүүлнэ. Берлиний эмэгтэй зүй ёсны аргыг буюу донортой бэлгийн харилцаанд жинхэнээрээ орохыг илүүд үзэж байв. Тэгэхдээ өөрийн гэсэн бас баримтлалтай аж. Үнсэлдэхийг зөвшөөрнө. Орны цагаан даавуу их цэвэр сайхан байх ёстой. Ер нь Берлиний эмэгтэй амьдралын хийгээд мэргэжлийн их туршлагатай хүн аж. Микробиологийн ухааны эрдэмтэн юм. АНУ-д удаан хугацаагаар ажиллажээ. Урьд нь нөхөртэй байж, гэхдээ хүүхэд төрүүлэхийг яарсанг үй. Нэг мэдсэн чинь нас нь гуч хүрч байв. Дэргэд нь хэн ч байдаггүй. Одоо бол заяаны хань зам дээр гэгч шиг юм тохиолдохгүй гэж бодоод интернэтээс мэдээлэл хайж эхэлжээ. Донорын тухай товч мэдээлэл тэнд зөндөө байна.

“Герхард. 40 настай. 183 см өндөр, өтгөн үстэй, нүдний шилтэй. Гадаад оронд ч очиж үрийн донорын үүрэг гүйцэтгэхэд бэлэн. Хамтран амьдрагчтай” гэх юм уу “Маркус 35 настай. 172 см өндөр, бага зэрэг гүзээтэй” гэсэн байх юм. Хоёр хүүхэдтэй, ирээдүйтэй алба хашдаг, эмчийн магадлагаатай, цагдаагийн ажилтны тухай мэдээлэл анхаарлыг нь татжээ. Гэтэл нөгөө цагдаагийн ажилтан чинь бэлгийн “ажлыг” дуртай үедээ, эмэгтэй нь үр тогтооход бэлэн болоогүй байхад ч хийх хүсэлтэй байлаа. Түүгээр ч барахгүй машин дотор ч хийх гэнэ. Энэ байдал нь сэжиг төрүүлсэн байна. Дараа нь барилгын нэгэн инженертэй учрав. Бас нэг бүжигчин тааралдав. Энэ найдваргүй хүн шиг байв. Эмэгтэй тэгээд нэг жил нам гүмхэн амьдрав. Тэгснээ өөрийнхөө тухай товч мэдээллийг Клеопатра гэх нууц нэрээр цахим шууданд байрлуулав. Удалгүй Голландын Маастрихт хотын Эд Хаубенаас уртын урт захидал ирлээ. Эд Хаубен бусдаасаа өөр хүн байв. Тэд анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уулзжээ. Түүнээс хойш сард нэг удаа уулзах болов. Эдэд итгэж найдаж болох хүн байлаа. Тэр хайр сэтгэлийн талаар үнэн сэтгэлээсээ сайхан ярина. Эмэгтэйд бол эцэг, эх нь ч Эд шиг сайхан хандаж байсангүй. Эдтэй танилцсанаас хойш зугаа цэнгэл ч хөөцөлдөхөө болив. Сайтаар “тэнэхээ” ч байв. Ажил хайх, Эдтэй уулзахад бэлтгэхээс өөрийг бодохоо байлаа. Түүний амьдралын хэмнэл нь “сарын юм”-тай нягт холбоотой боллоо. Эмэгтэй хүмүүс Эд Хаубений хувьд хүрч халдаж боломгүй, аюултай, тэгсэн хэрнээ дурыг нь татаж хорхойг нь хүргэсэн эд байлаа. Охид болохоор царайлаг, бие хаа сайтай залуусыг илүүд үзнэ. Гэтэл Эд тийм залуу биш байв.

2002 онд хүүхэдтэй болохыг хүссэн хүүхнүүдэд туслахаар шийдэхдээ тэрбээр бэлгийн ажлын ямар ч туршлагагүй байлаа. Гаргасан шийдвэрийнхээ талаар ээждээ ам нээсэнгүй. Орой хоолоо идчихээд Эд захиалга өгсөн хүүхнүүдээ эргэнэ. Угаалгын өрөөндөө орж түгжиж байгаад бэлтгэсэн саваа үрийн шингэнээрээ дүүргэж, захиалагч хүүхэндээ аваачиж өгчихөөд ирээд унтаад өгнө. 2004 онд нэг гэр бүлийн голланд залуу, латин америк бүсгүй хоёртой учрав. Эрэгтэй нь үргүй юмсанж. “Тарих” аргаар үр тогтоохыг зөвшөөрөхгүйгээ тэр хос хэн ч ойлгохоор хэлжээ. Хайр, энхрийлэлд умбасан орчинд үр тогтоосой гэж хүсэж буйгаа нөхөр нь хэлсэн байна. Ийнхүү 34 настай гэргий Эдийн анхны эмэгтэй болсон байна. Ер нь эр, эмийн “ажлыг” жинхэнэ ёсоор хийж байж жирэмсэн болохыг олон эмэгтэй хүсэж байсан нь түүний гайхлыг төрүүлж байв. Тэр ч бүү хэл зөвхөн эсрэг хүйстнээ сонирхдог эмэгтэй ч ингэх зөвшөөрлийг нөхрөөсөө авсан байх төдийгүй түүнийхээ хажууд бэлгийн харилцаанд орохыг хүсэх нь цөөнгүй. Өөрийнхөө хийдэг “ажлын” талаар Эд Хаубен 2005 онд л ээждээ хэлжээ. Тэр гойд зэвүүцсэнгүй. 2007 онд ээж нь өөр байранд оров. Тийм болохоор хүүхнүүд өөрсдөө Эдийн гэрт ирж хонож өнжих ч болсон байна. 2011 онд Эдийн 11 хүүхэд төрснөөр түүний хүүхдийн тоо 82 хүрчээ. 45 нь охин, 35 нь хүү. Хоёр хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй. Ээжүүд нь түүнд хэлээгүй аж. Эд ч асуусангүй. Ээж нарын ихэнх нь түүнтэй дажгүй харилцаатай байдаг. Захидал ирүүлнэ, шинэ жилээр мэнд мэднэ. Харин Эд хариу үл илгээнэ.

“Одоо надаас жирэмсэн болсон эмэгтэй арав байгаа”. Эд ийн хэллээ. Удалгүй нөгөө spermaspender.de сайт руугаа орж захиалагчдаа олж авна. Компьютерийн дэлгэц дээр урт улаан шаргал үстэй аятайхан хүүхний дүрс гараад ирэв. Испани эмэгтэй гэнэ. “Миний найз” гэж Эд хэллээ. Зураг руу нь харангаа “Энэ эхлээд миний захиалагч байсан юм” гэв. Тэд гурван сарын өмнө танилцжээ. Өөр хоёр ч найз бүсгүй Эдэд бий гэнэ. Тэд бас л захиалагч байж. Хоёр дахь нь жирэмсэн болмогцоо хөндийрчээ. Тэгэхэд Эд анх удаа хайрын шаналан гээчийг үзсэн байна. Түүнд захиалга өгсөн вьетнам бүсгүй байгаа аж. Бүр хоёр дахь удаагаа түүнээс хүүхэдтэй болох хүсэлтэй хүүхнүүд ч бий гэнэ. Жишээ нь Пия. Энэ бол мэдээж нууц нэр нь. Түүний анхны хүүхэд нь Эдийн бүртгэлд “59” гэсэн дугаартай. Одоо хоёр ой хагастай. Пия 40 настай, Германы нэг томоохон хотод амьдарна. Тэрбээр эр хүнтэй хэл амаа ололцож чаддаггүй нэгэн. Хамгийн удаандаа нэг эр хүнтэй найман сар л ойр дотно холбоотой байжээ. ...Эд Хаубен төрөлх хотдоо нэгэн зоогийн газрыг түрээсэлж аваад өөрийн гэх бүх хүүхдээ урьдаг юм. Тавдугаар сард болсон сүүлчийн ийм арга хэмжээнд 15 хүүхэд нь иржээ.


Испанийн Каталоны нийслэл Барселонд ирсэн хүн нэрт уран барилгач Антонио Гаудийн бүтээлүүдийн хажуугаар өнгөрөөд явж чаддаггүй гэлцдэг. Суут уран бүтээлчийн алдартай барилгуудад ихэс дээдэс биш, жирийн л иргэд амьдардаг. Гаудийн бүтээлүүдийн зарим нь өдгөө музей, нэр хүндтэй компаниудын оффис, дэлгүүрүүд болсон ч дийлэнх нь хэн нэгний хувьд төрсөн гэр, заримынх нь хувьд хөлсөлж буй сууц байдаг.



АНХНЫ БҮТЭЭЛ

Висенсийн байшинг Каталоны бизнесмэн Мануэль Висенс-Монтанерын дурсгалд зориулан нэрийджээ. Бизнесмэн 1877 онд ээжээсээ өвлөн авсан эдлэнгийн нэгээхэн хэсэгт зуны сууц бариулахаар уран барилгачид захиалгаа өгсөн гэдэг. XIX зуунд Вильяде- Грасиа дүүрэг Барселоны зах хязгаар байсан төдийгүй өвөрмөц чамин хийцтэй харшууд дөнгөж сүндэрлэж эхэлж байж. Гэтэл одоо эл дүүрэг хотын төв болсон. Неоготик урсгал Европт дэлгэрч байсан тэр үед залуухан уран барилгач анхныхаа томоохон захиалгыг авсан бөгөөд энэ л бүтээлээрээ нэр алдарт гарах замаа эхэлсэн билээ. 1879 онд тэрбээр төслийнхөө ажилд орсон бөгөөд 1883 онд барилгаа барьж эхэлсэн ч санхүүгийн хүндрэлтэй нүүр тулгарсан. 1895 онд бизнесмэн Мануэль Висенс таалал төгсөж, бэлэвсэрч үлдсэн эхнэр нь байшингаа Антони Жовер-и-Пучад худалдсан түүхтэй. Тэр цагаас Жовер-и-Пучагийн үр удмынхан алдарт барилга харьяалагдсаар иржээ. Тэдний гэр бүлийнхэн эхний 25 жилд зундаа л энэ байшинд амьдардаг байсан ч хожмоо байнга аж төрөх болсон. Шатрын хөлгийн санагдуулам хүрээ бүхий эл байшин хөрш зэргэлдээх бүхнээс ялгаран харагддагийг эзэд нь бахархан дурсдаг байсан аж. 1924 онд байшинг сэргээн засварлаж, өргөсгөсөн бөгөөд эдлэнгийн нэгэн өнцөгт гэгээн Рита де Кассиагийн цагийг босгосон байна. Гаудийн анхны барилгыг ихэд хайрладаг уран барилгач Хуан Баутиста де Серра Мартинес засварыг ажлыг гардан хариуцжээ. 1962 онд Антони Жоверын охидын нэг Фабиола байшинг өвлөж авсан аж. Байшингийн одоогийн эзэд Антони Жоверын ач хүүхдүүд. Тэд дөрвөн жилийн турш байшингаа зарахаар оролдож буй ч өнөө хэр амжилт олоогүй байна. 2005 онд ЮНЕСКО-гийн Соёлын өвийн жагсаалтад багтсан Висенсийн байшин их өндөр үнэтэй тул худалдан авах хүн олдохгүй байгаа аж.





БАТЛЬОГИЙН БАЙШИН

Батльогийн байшин мөн л Висенсийнх шиг анхны эзэмшигчийнхээ нэрээр нэрлэгдсэн. Нэхмэлийн үйлдвэрийн эзэн Жозеп Батльои- Касановаса 1900 онд худалдан авсан байшингаа Гаудигаар засвар хийлгэжээ. Батльо эхлээд байшинг нурааж, шинийг бариулахаар төлөвлөж байсан ч Гауди байшинг танигдахын аргагүй болтол нь өөрчилж чадна хэмээн амлаад ажилдаа оржээ. 1904-1906 онд Гауди байшингийн өнгөн талыг өөрчилж чадсан нь эзний сэтгэлд тун ч нийцэж. Гауди засварын ажлаа урьдчилан төлөвлөсөнгүй, явц дунд нь засал чимэглэлийнхээ гайхалтай шийдлүүдийг бодож олсон гэдэг. “Үүнийг цэнхрээр, харин түүнийг ногооноор буд” хэмээн зааварчилгаа өгч байсан гэдэг. Өнгө будаг, хийц загвараараа Монегийн бүтээлийг санагдуулам эл байшинд өдгөө Хавьер, Игнасио, Карлос хэмээх ах дүүс аж төрдөг. Жил бүрийн тавдугаар сарын 22-нд Гэгээн Ритагийн өдрөөр ах дүү нар байшингийнхаа үүдийг нээж, Гаудийн бүтээлийг харахыг хүссэн хүмүүсийг гэртээ урьдаг.





МИЛАГИЙН БАЙШИН

Милагийн байшин зургаан давхар. 1906– 1910 онд Антонио Гаудигаар удирдуулсан уран барилгач нар Милагийн байшинг босгосон түүхтэй. Залуу хос Пере Мила, Росер Сегимон-и-Артеллс нар том зайтай байшин барихыг гуйсан аж. Байшингийн нүүрэн талыг шулуун зураасгүй, саарал өнгийн чулуугаар хийсэн нь далайн давалгааг санагдуулна. Каталоны томоохон банкуудын нэг “Caixa de Catalunya” 1986 онд Милагийн байшинг худалдан авч, 10 жилийн турш их засвар хийсэн. Нэгэн цагт хүмүүсийн гэр байсан өрөөнүүдэд банкны салбар, тасгууд байрлана. Нэгдүгээр давхрын хэд хэдэн өрөөг хувь хүмүүст хөлслүүлдэг бөгөөд хонгилыг нь концерт, хурал зохион байгуулах зориулалтаар ашигладаг. Милагийн байшинд эздийнх нь зөвшөөрөлгүйгээр хувь хүмүүс зураг авах, видео бичлэг хийхийг хориглодог. Тэнд амьдардаг гурван өрх айлынхан ч зураг авахуулах дургүй.



ГЭРЭЭ МУЗЕЙ БОЛГОХ НЬ

Нэрт уран барилгач Антонио Гаудийн мэндэлсний 150 жилийн ой 2002 онд тохиожээ. Энэ ойг тохиолдуулдан Барселон хотын захиргаа Гаудийн бүтээлүүдийг олонд таниулахын тулд жуулчдыг гэртээ чөлөөтэй оруулж байхыг дээрх байшингуудад амьдардаг хүмүүст уриалсан билээ. Батльогийн байшингийн эзэд жуулчид, зочдыг хүлээн авах, тэдэнд байшингийнхаа түүх, онцлогийн тухай ярих ажилтныг сурган бэлтгэсэн аж. Уран барилгын алдартай бүтээлүүдийн нэг Батльогийн байшингаар аялахад 17.9 еврогоор тасалбар худалдан авдаг. Байшинг үзсэн хүний тоо 2009 онд 600 мянга байсан бол, 2010 онд 700 мянга давжээ.

Украин “Маша баавгай хоёр”-оос айв





Украины үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Маша баавгай хоёр”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн дэлгэцээр гаргахыг хоригложээ. Шинжээчдийн дүгнэлтээр эдгээр кинонд буруу суртал ухуулга шингэсэн, гэр бүлийн амьдралыг сарниулахад нөлөөлөх зүйл ихээр гардаг, ижил хүйстнийг сурталчилдаг гэнэ.