Friday, August 17, 2012



Испанийн Каталоны нийслэл Барселонд ирсэн хүн нэрт уран барилгач Антонио Гаудийн бүтээлүүдийн хажуугаар өнгөрөөд явж чаддаггүй гэлцдэг. Суут уран бүтээлчийн алдартай барилгуудад ихэс дээдэс биш, жирийн л иргэд амьдардаг. Гаудийн бүтээлүүдийн зарим нь өдгөө музей, нэр хүндтэй компаниудын оффис, дэлгүүрүүд болсон ч дийлэнх нь хэн нэгний хувьд төрсөн гэр, заримынх нь хувьд хөлсөлж буй сууц байдаг.



АНХНЫ БҮТЭЭЛ

Висенсийн байшинг Каталоны бизнесмэн Мануэль Висенс-Монтанерын дурсгалд зориулан нэрийджээ. Бизнесмэн 1877 онд ээжээсээ өвлөн авсан эдлэнгийн нэгээхэн хэсэгт зуны сууц бариулахаар уран барилгачид захиалгаа өгсөн гэдэг. XIX зуунд Вильяде- Грасиа дүүрэг Барселоны зах хязгаар байсан төдийгүй өвөрмөц чамин хийцтэй харшууд дөнгөж сүндэрлэж эхэлж байж. Гэтэл одоо эл дүүрэг хотын төв болсон. Неоготик урсгал Европт дэлгэрч байсан тэр үед залуухан уран барилгач анхныхаа томоохон захиалгыг авсан бөгөөд энэ л бүтээлээрээ нэр алдарт гарах замаа эхэлсэн билээ. 1879 онд тэрбээр төслийнхөө ажилд орсон бөгөөд 1883 онд барилгаа барьж эхэлсэн ч санхүүгийн хүндрэлтэй нүүр тулгарсан. 1895 онд бизнесмэн Мануэль Висенс таалал төгсөж, бэлэвсэрч үлдсэн эхнэр нь байшингаа Антони Жовер-и-Пучад худалдсан түүхтэй. Тэр цагаас Жовер-и-Пучагийн үр удмынхан алдарт барилга харьяалагдсаар иржээ. Тэдний гэр бүлийнхэн эхний 25 жилд зундаа л энэ байшинд амьдардаг байсан ч хожмоо байнга аж төрөх болсон. Шатрын хөлгийн санагдуулам хүрээ бүхий эл байшин хөрш зэргэлдээх бүхнээс ялгаран харагддагийг эзэд нь бахархан дурсдаг байсан аж. 1924 онд байшинг сэргээн засварлаж, өргөсгөсөн бөгөөд эдлэнгийн нэгэн өнцөгт гэгээн Рита де Кассиагийн цагийг босгосон байна. Гаудийн анхны барилгыг ихэд хайрладаг уран барилгач Хуан Баутиста де Серра Мартинес засварыг ажлыг гардан хариуцжээ. 1962 онд Антони Жоверын охидын нэг Фабиола байшинг өвлөж авсан аж. Байшингийн одоогийн эзэд Антони Жоверын ач хүүхдүүд. Тэд дөрвөн жилийн турш байшингаа зарахаар оролдож буй ч өнөө хэр амжилт олоогүй байна. 2005 онд ЮНЕСКО-гийн Соёлын өвийн жагсаалтад багтсан Висенсийн байшин их өндөр үнэтэй тул худалдан авах хүн олдохгүй байгаа аж.





БАТЛЬОГИЙН БАЙШИН

Батльогийн байшин мөн л Висенсийнх шиг анхны эзэмшигчийнхээ нэрээр нэрлэгдсэн. Нэхмэлийн үйлдвэрийн эзэн Жозеп Батльои- Касановаса 1900 онд худалдан авсан байшингаа Гаудигаар засвар хийлгэжээ. Батльо эхлээд байшинг нурааж, шинийг бариулахаар төлөвлөж байсан ч Гауди байшинг танигдахын аргагүй болтол нь өөрчилж чадна хэмээн амлаад ажилдаа оржээ. 1904-1906 онд Гауди байшингийн өнгөн талыг өөрчилж чадсан нь эзний сэтгэлд тун ч нийцэж. Гауди засварын ажлаа урьдчилан төлөвлөсөнгүй, явц дунд нь засал чимэглэлийнхээ гайхалтай шийдлүүдийг бодож олсон гэдэг. “Үүнийг цэнхрээр, харин түүнийг ногооноор буд” хэмээн зааварчилгаа өгч байсан гэдэг. Өнгө будаг, хийц загвараараа Монегийн бүтээлийг санагдуулам эл байшинд өдгөө Хавьер, Игнасио, Карлос хэмээх ах дүүс аж төрдөг. Жил бүрийн тавдугаар сарын 22-нд Гэгээн Ритагийн өдрөөр ах дүү нар байшингийнхаа үүдийг нээж, Гаудийн бүтээлийг харахыг хүссэн хүмүүсийг гэртээ урьдаг.





МИЛАГИЙН БАЙШИН

Милагийн байшин зургаан давхар. 1906– 1910 онд Антонио Гаудигаар удирдуулсан уран барилгач нар Милагийн байшинг босгосон түүхтэй. Залуу хос Пере Мила, Росер Сегимон-и-Артеллс нар том зайтай байшин барихыг гуйсан аж. Байшингийн нүүрэн талыг шулуун зураасгүй, саарал өнгийн чулуугаар хийсэн нь далайн давалгааг санагдуулна. Каталоны томоохон банкуудын нэг “Caixa de Catalunya” 1986 онд Милагийн байшинг худалдан авч, 10 жилийн турш их засвар хийсэн. Нэгэн цагт хүмүүсийн гэр байсан өрөөнүүдэд банкны салбар, тасгууд байрлана. Нэгдүгээр давхрын хэд хэдэн өрөөг хувь хүмүүст хөлслүүлдэг бөгөөд хонгилыг нь концерт, хурал зохион байгуулах зориулалтаар ашигладаг. Милагийн байшинд эздийнх нь зөвшөөрөлгүйгээр хувь хүмүүс зураг авах, видео бичлэг хийхийг хориглодог. Тэнд амьдардаг гурван өрх айлынхан ч зураг авахуулах дургүй.



ГЭРЭЭ МУЗЕЙ БОЛГОХ НЬ

Нэрт уран барилгач Антонио Гаудийн мэндэлсний 150 жилийн ой 2002 онд тохиожээ. Энэ ойг тохиолдуулдан Барселон хотын захиргаа Гаудийн бүтээлүүдийг олонд таниулахын тулд жуулчдыг гэртээ чөлөөтэй оруулж байхыг дээрх байшингуудад амьдардаг хүмүүст уриалсан билээ. Батльогийн байшингийн эзэд жуулчид, зочдыг хүлээн авах, тэдэнд байшингийнхаа түүх, онцлогийн тухай ярих ажилтныг сурган бэлтгэсэн аж. Уран барилгын алдартай бүтээлүүдийн нэг Батльогийн байшингаар аялахад 17.9 еврогоор тасалбар худалдан авдаг. Байшинг үзсэн хүний тоо 2009 онд 600 мянга байсан бол, 2010 онд 700 мянга давжээ.

No comments:

Post a Comment